Төрийн банк "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг дэмжих санд 3 тэрбум төгрөг хуримтлуулжээ
Чихэнд чимэгтэй
2025-05-16
Төрийн банкны төв салбарын ажилтнууд энэ сарын 14-ний өдөр улиас, шар хуайс, агч гурван төрлийн 100 гаруй модыг Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх Таширын аманд суулгалаа. Тус банк 2021 оноос хойш “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, “Модыг мод болгоё” уриан дор “Ажилтан бүр нэг мод” зорилтот аяныг жил бүр зохион байгуулж иржээ. Аяны хүрээнд, улс орны өнцөг булан бүрд байрлах Төрийн банкны 500 салбар нэгжийн 4000 ажилтан Монгол улсын 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт 30 гаруй нэр төрлийн 20 мянга гаруй мод суулгаж, суулгац нэг бүрээ арчлан хамгаалсаар байгаа юм. Мөн "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг дэмжих сан байгуулагдсан 2022 оноосоо эхлэн банк хоорондын шимтгэлийн дүнгээс тодорхой хувийг тус санд хуримтлуулж төвлөрүүлсээр ирсэн. Одоогийн байдлаар банкнаас санд төвлөрүүлсэн шилжүүлгийн дүн 3.34 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд үүнийг нь төрийн өмчит сургууль, цэцэрлэг, эмнэлэг, асрамжийн газрын гаднах ногоон байгууламжийг тохижуулахад зарцуулж байгаа ажээ. Мөн экологийн боловсрол олгох томоохон төслүүдэд хөрөнгө оруулснаас гадна нийслэлийн гурван дүүргийн таван байршил, орон нутгийн таван бүсэд ойжуулалт, ойн нөхөн сэргээлт хийгээд байна. Үүнийг нийтэд нь тооцвол, Төрийн банк 77.89 га талбайд 218.7 мянган мод тарьж, хүрээлэн буй орчноо хамгаалах үйлсэд бодит хувь нэмэр оруулсныг "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг дэмжих сангаас онцолжээ. Мөн “Модыг мод болгоё” уриан дор банкны хамт олны тарьж ургуулсан болоод сангаар дамжуулан ургуулсан модод 1094.2 тонн нүүрсхүчлийн хий шингээж, өөрөөр хэлбэл та бидэнд цэвэр агаар бэлэглэж байна. Үүгээр зогсохгүй банкны хэмжээнд цаасны хэрэглээг бууруулах, ажилтны автобус аялуулах, авто баазаа цахилгаан машинаар шинэчлэх, ажилтнуудын зайнаас ажиллах нөхцөлийг дэмжих зэргээр хүлэмжийн хийн ялгаруулалтыг 2024 онд 877.87 тонноор бууруулжээ. Энэ бол Төрийн банк хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах дэлхий нийтийн зорилтод бодит хувь нэмрээ оруулж буйн тод илрэл юм. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, агаар хөрсний бохирдол, цөлжилт, шар шороон шуурга, тэдгээрээс шалтгаалсан үр дагаврууд эдийн засгийн өсөлтөд сөрөг тусгалаа үзүүлж, тогтвортой өсөлтөд эрсдэл учруулсаар байна. Тиймээс байгаль орчны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх замаар эдийн засгийн өсөлтийг түүчээлэхийн тулд Төрийн банк жил тутам тогтвортой, ногоон санхүүжилтийнхээ хэмжээг өсгөсөөр байна. Тухайлбал, тогтвортой хөгжилд чиглэсэн зээлийн багцын үлдэгдэл 2024 онд өмнөх оноос 92.9 хувиар нэмэгдэж, 178 тэрбум төгрөгт буюу түүхэн дээд хэмжээндээ хүрчээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.